2008/09/20

Хүннү

Монголчуудын өвөг дээдэс гэж байгаа. Хүннүтэй холбоотой олон баримт байдаг бөгөөд энд товчхон дурдъяа.
Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.

Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ.

Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.

Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ.

Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.

Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ.

Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ.

Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв.

Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг.


Дэлгэрэнгүй...

2008/09/14

Монголын чулуун зэвсгийн үе

Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх зүйл бол яах аргагүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх байдаг билээ. Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг эртний хүмүүсийн ул мөр эд өлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны энэ салбарыг археологи буюу эртний судлал хэмээн нэрийддэг. Энд дурьдагдан буй эд өлгийн зүйл хэмээх ойлголтод эрт үед амьдарч асан хүмүүсийн хэрэглэж байсан эдлэл, хэрэглэл болон ямар нэгэн байдлаар хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн тэр зүйлийг хамруулан үздэг.

Манай орны археологийн дурсгалыг XIX зууны сүүлчээс гадаадын жуулчин, судлаачид судалж эхэлсэн бөгөөд 1950-иад оноос монголын анхны мэргэжлийн археологичид бэлтгэгдэн судалгаа хийдэг болжээ. Монголын археологийн дурсгал нь чулуун зэвсгийн үеэс ХIII-XIV зууныг хүртэлх үеийг хамардаг.


Монголын чулуун зэвсгийн үеийг:

1. Хуучин чулуун зэвсгийн үе (700 000-12 000 жилийн өмнө)
2. Дунд чулуун зэвсгийн үе (12 000-8 000 жилийн өмнө)
3. Шинэ чулуун зэвсгийн үе (8 000-4 000 жилийн өмнө) хэмээн ангилдаг.

Энэ ерөнхий ангиллын дагуу уг сэдвийг товч танилцуулья.

1. Хуучин чулуун зэвсгийн үе

Эртний хүн байгалийн амьтан байхаа больж хөдөлмөрийн багаж зэвсгээ хийж эхлэхдээ анх хамгийн элбэг, гарын доорх материал болох ердийн мод чулууг ашиглах болжээ. Эртний судлалын ухаанд энэ үеийг хуучин чулуун зэвсгийн үе буюу палеолит хэмээн нэрлэдэг.

Хүн анх байгалийн элдэв нөлөөгөөр хагарч залтарсан чулууны ир, ирмэгийг элдэв эд зүйлийг зүсэх, эсгэх зорилгоор ашигладаг байсан туршлага дээрээ тулгуурлан хэрэгцээтэй цагтаа тэдгээртэй ижил ир, ирмэг гаргах оролдлого хийсээр анхны чулуун зэвсэг хийх үндэс тавигдаж, хүний оюун ухаан хөгжихийн хирээр зэвсэг багажны хийц технологи нарийсч, улам болсоор иржээ. Эдгээр онцлог ялгааг үндэслэн палеолитын үеийг дотор нь доод, дунд, дээд шат хэмээн ангилаж нарийвчлан судлан шинжилдэг байна.

Монгол орны хуучин чулуун зэвсгийн доод шат нь одоогоос 700 000-100 000 жилийн өмнөх үеийг хамардаг. Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн явж, хамтын хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ. Хэдийгээр дэлхийн хэмжээгээр мөстлөг эхлэн хүйтэрч байсан ч Төв Ази, Монгол орны нутагт ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэгт харьцангуй их чийглэг, зөөлөн дулаан уур амьсгалтай, ус гол элбэгтэй, мод ургамлаар баялаг байсан бололтой. Тиймээс тэр үеийн хүн сүрэг байгаль, цаг уурын таатай нөхцөлд амьдарч байсан том биетэй болхи хөдөлгөөнт амьтдыг хүч хавсран агнаж, түүж цуглуулсан ургамал жимсээр хүнснийхээ хэрэгцээг хангаж байжээ. Тэр үеийн хүмүүс араатан амьтан, халуун хүйтэн, салхи шуурга гэх мэт байгаль, цаг уурын өөрчлөлтийн элдэв нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахдаа хад цохионы нөмөр, агуй хонгил, жалга гуу зэрэг байгалийн тогтоцыг ашиглаж байсны гэрч болох бууц, дарханы газрын үлдэгдэл манай орны өмнөд хэсгээс элбэг олддог. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй, Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан сумын заагт орших Ярх уул зэрэг газрыг дурьдаж болох ба тэдгээр газруудаас олдсон чулуун зэвсгийн зүйлийг МҮТМ-н үзмэрээс үзэж сонирхох боломжтой юм.

Энэ үеийн зэвсэг багажийн онцлог нь гол төлөв чулууг нэг ба хоёр талаас хэлтчин цохиж ир гаргасан байх бөгөөд овор хэмжээгээр том байдаг. Хүний хөгжилд гарсан гол дэвшил болох авианы хэл хуучин чулуун зэвсгийн доод шатанд бий болсон юм. Монгол орны хуучин чулуун зэвсгийн дунд шат нь 100 000-40 000 жилийн өмнөх үеийг хамардаг юм. Энэ үед дэлхийн хойд хагасыг хамарсан их мөстлөг болж цаг агаар эрс хүйтэрсэн нь амьтны аймаг, хүний бие бялдар, амьдрах орчин нөхцөлийг эрс өөрчилжээ.

Хүмүүс урьд нь байгалийн бэлэн тогтоц болох агуй хонгил, хадны нөмөр нөөлгийг гадны нөлөөнөөс хамгаалахад ашигладаг байсан бол аажимдаа өөрсдөө чулуу, модоор хана босгон оромж бүтээн, бие халхлах болхи хийцтэй өмсгөл хийж өмсөх болжээ. Мөн хүний хөгжилд олсон томоохон ололтын нэг бол гал гаргаж, хоол хүнсээ болгож идэж, уух болсон явдал юм. Хуучин чулуун зэвсгийн доод шатанд зөвхөн нэг чулууг нөгөөгөөр нь цохин багаж зэвсэг хийх ганц арга зонхилж байсан бол энэ үеэс чулууг цуулан, цуулж авсан хэсгээ дахин эмтчин ир гарган багаж зэвсэг хийх аргыг бий болгожээ. Энэ үеийн сонгодог зэвсэг нь чулуунаас нимгэн залтас цуулан авч түүнийгээ дахин ирлэн хийсэн гурвалжин хэлбэрийн мэс ба хянгар зэвсгүүд юм. Чухам энэ л үеэс чулууг хол хүчтэй шидэхийн тулд дүүгүүр хэрэглэдэг дэвшилтэд аргыг сэдэж олжээ. Эдгээр зэвсгээс гадна том амьтдын хавирга, эрүү, чөмөг, далны ясаар зэвсэг хийх явдал түгээмэл байв.

Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс цахиур хавирах, модыг хооронд нь үрэх зэрэг аргаар хүссэн үедээ гал гаргах болсон нь хоол хүнсээ болгож хэрэглэх, орон сууцаа дулаацуулах, араатан амьтнаас өөрсдийгөө хамгаалах, модон багаж зэвсгийг шатааж үзүүрлэх зэрэг шинэ аргуудыг бий болгох боломжийг бүрдүүлжээ. Хуучин чулуун зэвсгийн дараагийн буюу эцсийн шат нь 40 000-12 000 жилийн өмнөх үед холбогдох бөгөөд археологийн судалгаанд энэ шатыг дээд палеолит хэмээн нэрлэдэг. Энэ үеэс мөстлөгийн хэмжээ багасч ирэхийн зэрэгцээ хүний бие бялдар эрс өөрчлөгдөж орчин үеийн хүн үүсчээ. Хүний оюун ухаан, тархины хөгжил нэмэгдэхийн хэрээр зэвсэг багаж хийх арга улам боловсронгуй болж чулууг зөв цуулан дахин холтчин засаж ирлэх, засч янзлах зэргээр зэвсэг багаж хийх аргаа боловсронгуй болгосоор байжээ. Мөн жижиг хусуур, гар сүх зэрэг зэвсгийн төрлүүдийг шинээр бий болгон зарим төрлийн жижиг багаж зэвсгүүдэд мод, ясаар бариул хийх болсон нь зэвсгийн чанарыг эрс сайжруулсан байна. Мөстлөгийн дараа асар их хуурай газар, үржил шимт нутаг мөсөн дороос ил гарч, тийш нүүдэллэх ан амьтан, хүмүүсийн нүүдэл идэвхжсэн байна. Төв Азиас Сибирь болон Зүүн хойд Азийн нутагт тархан улмаар Берингийн хоолойгоор дамжин Америк тив болон зүүн өмнөд азиар дамжин Австрали тив руу хүн нэвтэрч эхлэжээ.

Цаг агаар, газар зүйн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүсийн дунд Европжуу, Монголжуу, Негржуу гэсэн гурван арьстан бий болсон юм. Хүмүүсийн дунд анхны бүлэглэх байгууллын хэлбэр үүсч эхэлсэн ба судлаачид үүнийг овгийн байгуулал хэмээн нэрлэдэг. Анхны овгийн байгуулал нь эхийн эрхт хэлбэртэй байсан юм. Учир нь бүлгээрээ гэр бүл болж байснаас хүүхдийн эцгийг тогтоох боломжгүйн зэрэгцээ овгийн гэр бүл дотор эхийн үүрэг голлох байр суурь эзэлж байсан нь энэ үед эхийн талыг баримтлахаас өөр аргагүй байжээ.Хуучин чулуун зэвсгийн дээд үед холбогдох бууц, суурин, дурсгалт газрууд монгол орны бараг бүх нутгаас илрэн олдсон байдаг. Энэ үед хад чулуун дээр зураг зурах анхны хэлбэрүүд үүсчээ. Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Хойд цэнхэрийн агуйн хананд зурсан сүг зургууд, Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Рашаан хадны зургууд нь дээд палеолитын хүний бүтээсэн урлагийн бүтээлүүд юм.

2. Дунд чулуун зэвсгийн үе

Эртний хүмүүс хуучин чулуун зэвсгээс шинэ чулуун зэвсэг хэмээх хөгжлийн дараагийн шатанд шилжихдээ завсарын үе болох дунд чулуун зэвсэг буюу мезолитын үеийг дамжжээ. Монгол орны хувьд дунд чулуун зэвсгийн үеийг 12 000-8 000 орчим жилийн тэртээ дамжин өнгөрүүлсэн хэмээн үздэг билээ. Энэ үед мөстлөг бүрэн дуусч мөсөн хурдас хайлан тал хөндий рүү бууж, далай тэнгис болон томоохон гол мөрнүүд, манай орны хувьд бол Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд үүсч, үндсэндээ одоогийн урсгалын горимоо олсон байна.

Цаг уурын өөрчлөлт хувиралтын улмаас амьтны аймагт өөрчлөлт орж арслан заан, савагт хирс мэтийн хүйтэнд тэсвэртэй том биетэй болхи амьтад устан оронд нь хурдан хөдөлгөөнт амьтад бий болсон нь ан гөрөөний шинэ зэвсэг багаж, арга барил шаардах болжээ. Дунд чулуун зэвсгийн үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс модны уян хатан чанарыг таньж, тэрхүү чанарт тулгуурлан нум сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. Энэ үед холбогдох нум сумын чулуун зэвүүд тус музейн үзмэрт буйг үзэж сонирхож болно.

Хүмүүс байгалийн зарим нэг нууцыг танин мэдэж, зөвхөн бэлэн зүйлсийг түүж цуглуулан хэрэгцээгээ хангаснаар хязгаарлагдахаа нэгэнт больж газар тариалан эрхлэх, ан амьтан гаршуулах оролдлого хийж эхэлжээ. Энэ үед анхны гэрийн тэжээвэр амьтан болох нохойг гаршуулсан юм.

3. Шинэ чулуун зэвсгийн үе

Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолит нь чулуун багаж зэвсгийн хөгжлийн шинэ дээд бөгөөд төгсгөлийн шат юм. Манай орны хувьд энэ үеийг 8 000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ба төгсгөл нь газар бүрт харилцан адилгүй боловч 4 000 жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе дуусгавар болжээ. Шинэ чулуун зэвсгийн үе өмнөх үеэс ялгарах гол онцлог нь хүмүүс байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах болсонд оршино. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах арга туршлага нь улам боловсронгуй болж чулуу зүлгэж өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай зэвсэг багаж хийж чаддаг болсон байна.

Энэ үеийн төгсгөл үед хүмүүс шавар сав суулга хийх арга ухааныг эзэмшиж чадсан нь хэрэгцээнийхээ хүнсний зүйлсийг хадгалах, хоол хүнсээ болгож, буцалгаж идэх боломжийг олгожээ. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс хаш, хээрийн жонш, мана, цахиур чулуу зэрэг янз бүрийн хатуу чулуугаар багаж зэвсэг хийх болсноор багаж зэвсэг нь хурц бат бөх болон сайжирсан байна.

Нас нөгчигсдөө оршуулах зан үйлийн анхны хэлбэр үүсч, амьддаа эдэлж хэрэглэж явсан эд зүйл, гоёл чимэглэл, багаж зэвсгийг нөгчигсдийн шарилыг нь дагалдуулан булж оршуулдаг байсан нь археологийн малтлагаас олддог. Энэ бүхэн бол эртний хүмүүсийн дунд сүсэг бишрэл, түүнтэй холбогдох зан үйл аажмаар буй болж, хойт насны тухай ухагдахуун үүссэнийг илэрхийлж байгаа явдал гэж үздэг. Монгол нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн оршуулгын хэлбэр болон дагалдуулсан эд өлгийн зүйлсийг МҮТМ-н үзмэрээс үзэж сонирхох боломжтой юм.

origo.mn


Дэлгэрэнгүй...

2008/09/12

Хүнийг арьс өнгөөр нь бүлэглэн хуваах нь

Дэлхийн өнцөг булан бүрт тархсан хүмүүсийг ерөнхий гурван бүлэгт хуваана: Кавказ-цагаан арьстан(Caucasoid), Шар болон улаан арьстан(Mongoloid), хар арьстан(Negroid). (Гэвч нэг зүйлийг дахин давтмаар байна. Бүх хүмүүсийг энэ 3 үндсэн бүлэгт хуваагаад хооронд нь цэвэр ялгаа гаргах боломжгүй юм.)


Цагаан арьстан (Caucasoid)

Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна. Цагаан арьстныг хүн судлалд 6 хэсэгт хуваана. Энэ хэсгүүдийн заримаас жишээ болгоё. Австрали, Айну, Дравидиан болон Веддоидчуудыг ч хамардаг Аркайк цагаанууд, Газар дундын тэнгисийн бүлгүүд, Альпын бүлгүүд, Арменойд бүлгүүд, Нордик бүлгийн хүмүүс, Австралийн уугуул иргэд (Аборгинчууд), Хойд Японы арлуудад (зүүн хойд Азийн арлууд) оршин суугч Айнучууд, Энэтхэгийн Дравидианчууд ба Сейланд Веддойчууд (Өмнөд Энэтхэгт) эхний бүлэгт ордог байна. Энэ бүлгийн хүмүүсийг зарим хүн судлаачид Аркаик Цагаан Арьстанууд гэж нэрлэдэг.Эдгээр хүмүүсийн зарим нийтлэг чанар нь гэвэл: Австралийн уугуул иргэдийн арьсны өнгө нь бор бөгөөд гонзгойдуу толгойтой, долгионтой үстэй байна. Эрүү нь урагшаагаа түрэн гарсан, хамар нь хавтгай, дунд зэргийн нуруутай байна. Аинучуудын хувьд гэвэл тэдний арьсны өнгө нь цайвар бор, гонзгой толгойтой, хар үстэй, нүүр болон биеэрээ үсэрхэг, өргөн хамартай, намхан нуруутай байна. Дравидианчууд ба Веддиодчуудын арьсны өнгө болон үс нь хар бор, гонзгой толгойдоо шигүү ургасан буржгар үстэй, намхан нуруутай, Газар дундын тэнгисийн бүлэгт Арабчууд, Хойд Африкчууд, Испаничууд, Италичууд, Португаличууд болон зарим Англичууд орно. Арабчуудын арьсны өнгө нь бараандуу байна. Тас хар үс нь гонзгой нүүрийг нь эмжинэ. Мөн анхаарал татахуйц хар нүдтэй байна. Дунд зэргийн нуруутай байна.Баруун хойд Африкт амьдардаг хэсэг хүмүүс бол Етиопчууд юм. Тэдний арьс нь улаавтар бороос улаавтар хар хүртэл өнгөтэй байна. Гонзгой нүүртэй, зуйван толгойтой, дунд зэргийн нуруутай. Альпын бүлгийн хүмүүс ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн духтай, үсэрхэг биетэй, арьсны өнгө нь бордуу, бор нүдтэй, хар бороос хар хүртэлх өнгийн үстэй байна. Төв Европоор тархсан энэ хүмүүс Франц, Герман, Оросын төв хэсэг болон Иранд ихэвчлэн байна.Арменоид бүлгийн хүмүүс өтгөн үс , хөмсөг, сахалтай байна. Үсэрхэг биетэй, урт хамартай, хамрынх нь угалз нь махлаг, арьсны өнгө нь бор байна. Бор нүдтэй, өндөр болон дунд зэргийн нуруутай, бор үстэй Туркийн зүүн хойд хэсэгт амьдарна. Нордик бүлэгт, Скандинов болон тэнгисийн эрэг орчмийн хүмүүс, Англи болон Америкийн зарим хүмүүс багтана. Дунд зэргээс өндөр нуруутай, шар болон улаан үстэй, нарийхан шөнтгөр хамартай, урт нүүртэй, улаавтар цайвар арьстай байна.

Шар Ба Улаан Арьстан (Mongoloid)

Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг. Америкийн уугуул иргэдийг (Америндчууд), Хойд Америкийн уугуул иргэд, Улаан арьстнууд (Индианчууд) ба Неоамериндчууд гэж 3 ангилна. Хойд Америкийн уугуул иргэд, Вашингтоноос Хойд Алъяскаар тархсан байна. Өндөр нуруутай, хүдэр биетэй, том хамартай хүмүүс байна. Арьс болон үсний өнгө нь Индианчуудаас арай цайвар байна. Индианчууд, Хойд Америкийн ой болон тал газарт ихэвчлэн суурьшсан байна. Арьс нь улаанаас шар хүртэлх өнгөтэй байна. Өргөн, дугуй нүүртэй, тэгш хамартай байна.Неоамериндчууд, баруун хойд, төв болон өмнөд Америкт амьдарна. Шараас улаан хүртэлх өнгийн арьстай, хавтгай бөөрөнхий толгойтой, намхан нуруутай, тэгш хамартай байна.Цасан орныхон, Хойд Америк, Зүүнхойд Ази болон Гринландын хүйтэн бүсүүдэд амьдарна. Шаравтар бор арьстай, ойлон толгойтой, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн нуруутай байдаг.Патагоничууд, Өмнөд Америкт амьдардаг, бараан арьстай, хавтгай, дөрвөлжин гэмээр толгойтой, өндөр нуруутай байна.Лапончууд, Скандиноваас Сибирь хүртэлх газарт тархсан байдаг. Арьны өнгө нь цайвар шараас бор өнгийн хооронд байна. Үсний өнгө нь хараас улааны хооронд хэлбэлзнэ. Махлаг төвгөр хацрын ястай. Бие нь үсгүй шахуу байна. Онигор жижигхэн нүдтэй.Хойд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хойд Азийн Төв хэсэгт орших бөгөөд бүдэг шараас бор хүртэл өнгийн арьстай, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн юмуу намхан нуруутай байна. Урд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хятад, Энэтхэгийн хойд хэсгээр амьдардаг, бүдэг шар арьстай, хацрын яс нь төвгөр, дөрвөлжин нүүртэй, онигор нүдтэй, дунд зэргийн нуруутай.Малайчууд (Индонезчууд) монголжуу арьстанууд, Малай арлуудаас Номхон далайн өмнөд хэсэг дэх Шинэ Гвиней хүртэлх нутагт тархан суурьшсан байна. Шараас бор хүртэлх өнгийн арьстай, долгионтой хар үстэй, хацрын яс нь төвгөр, тэгш хамартай, зузаан уруултай, намхан нуруутай. Энэ бүлгийн хүмүүсийг Зүүн Азийн монголжуу төрхтөн болон Пигм (одой) Негрчүүдийн хоорондын эрлийз гэсэн таамаглал байдаг. Полонезчууд, Гавайн арлаас Шинэ Зеланд хүртэл, Самоагаас Өмнөд арлууд хүртэл тархан суурьшжээ. Тэдний арьсны өнгө нь шараас эхлээд цайвар хүрэн байдаг. Толгой нь янз бүрийн хэлбэртэй бөгөөд үс нь нэг бол шулуун эсвэл долгиотой байдаг. Дунд зэргийн эсвэл өндөр нуруутай.Турк- татарчууд Европын зүүн хэсгээс Дундад Ази хүртэл тархжээ. Арьс нь буудайн гэж хэлэгддэг цайвар шар өнгөтэй. Толгой нь их том биш, хамар нь шулуун, дунд зэргийн зузаан уруултай, ихэнхдээ дунд зэргийн эсвэл өндөр нуруутай юм.

Хар арьстнууд (Negroid)

Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн юм.Ойн негрчүүд төв болон баруун Африкт Атлантын эрэг, Конго мөрний савд суурьшдаг. Өндөр нуруутай, цээж, мөр өргөн, урт гартай. Арьс нь хүрэн, хар байдаг. Үс нь хар, хониных буржгар байдаг. Биедээ бараг үсгүй бөгөөд биеийн хөгжил сайтай тул Америкийн хөнгөн атлетикчдийн ихэнх нь ойн негрүүд байдаг.Нилийн негрүүд Нил мөрний хойд хэсэгт оршдог. Маш өндөр боловч цээж богино, хөл гар нь урт. Хамар, уруул нь бусад хэсэгтэй нь харьцуулахад нимгэн. Далай орчмын негрүүд Шинэ-Гвиней, Фижи аралд байдаг. Хүрэн арьстай,үс нь бага зэрэг буржгар, бие нь үсэрхэг бөгөөд сахалтай, уруул нь зузаан гадагш эргэсэн, хамар нь хавтгай биш.Пигме негрчүүд Африкийн Конго, Малайн хагас арлуудад, Суматр, Филиппины арлын хоорондох арлуудад байдаг. Хамгийн намхан хүмүүс бөгөөд 137-142 см өндөртэй. Хөл нь богинохон, арьс нь тод шар, үс нь богинохон, буржгар, шар өнгөтэй. Хамар нь хавтгай, нүдний ухархай гүн, уруул нь зузаан юм.Бушманчууд Калкарын цөлийн орчим амьдардаг. Бусад негрүүдээ бодоход арьс нь хар шар өнгөтэй. Хацар нь хүнхэр, зовхиндоо ахин нэг зовхи байгаа мэт харагддаг. Эмэгтэйчүүдийн гуя нь махлагаараа дэлхийд алдартай. 150 см өндөртэй.Энд дэлхий дээрх 6 миллиард хүний биеийн ерөнхий төрхийг тайлбарлахыг оролдлоо. Хэрэв та бүхэн анзаарсан бол хүмүүсийн хооронд ерөнхий адил шинжүүд ч бий, ялгаатай зүйлс ч байгаа. Үүнийг хүмүүсийн зан ааш, амьдралын нөхцөлтэй холбовол бүр их ялгаа гарна. Хүн эцэг эхээсээ биеэ олж авдаг ч өөрийн дадлага туршлагаа амьдралаасаа олж авдаг. Эрдэмтэд хүний амьдардаг энэ орчныг соёл иргэншил гэдэг. Энэ сэдэвтээ бид хүмүүсийн гадна төрхийн талаар бага сага ярилцлаа. Үүн дээрээ та эдгээр төрлийн соёл иргэншлийн талаар судалбал илүү тодорхой зүйлсийг олж харах болно. Тэгээд ижил төстэй, ялгаатай талаар улам их ойлгоно.

Угсаатан нь 1. Хэлний нийтлэг, 2. Эдийн соёлын нийтлэг, 3. Оюуны соёлын нийтлэг, 4. Газар нутгийн нийтлэг, 5. Түүхэн нийтлэг шинжүүдийг агуулж бүрддэг байна.


Дэлгэрэнгүй...

Орчлон ертөнц ба хүний гарал үүслийн тухай



За юуны түрүүнд хүн төрөлхтний гарал үүслээс эхэлсэн нь дээр байх. Хүн хэрхэн үүссэнийг хэн ч мэддэггүй. Хүмүүс олон янзын таамаглал дэвшүүлж, түүнийгээ нотолж, түүндээ итгэцгээдэг. Тэдний ихэнх нь хүн бичнээс үүссэн гэж итгэдэг. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тэдний нэг. За тэгээд түүхийн хичээлээр тэмдэглэж авсан материалаа та нартай хуваалцъяа. Магадгүй зарим нь мэдэх байх, тэгэхдэээ яахав мэдэхгүй нэг нь мэдэж аваг.

Нарны аймгийн есөн гаригийн нэг манай дэлхий хэзээ хэрхэн үүсэв? Энэ асуулт эрдэмтэн мэргэдийн оюун бодол, сэтгэл санааг хэдэн мянган жилийн тэртээгээс догдлуулсаар иржээ. Иймээс ч дэлхийн үүслийг янз бүрээр тайлбарласан маш олон таамаглалууд байдаг. Эдгээрээс олонхи эрдэмтдийн дэмжлэгийг хүлээж байгаа таамаглал бол Оросын эрдэмтэн О.Ю. Шмидтийн таамаглал юм. Түүний үзлээр нарны гаригууд өөр өөр эх үүсвэртэй аж. Нар өөрийн хөгжлийн нэгэн үед олон тэрбум жилийн тэртээд эргэн тойрондоо байсан хөдөлгөөний үлэмж нөөц бүхий хүйтэн тоос, солироос тогтох мананцарыг уургалан авчээ. Тэр мананцар нарны татах хүчний улмаас түүнийг тойрон эргэлдэхэд асар олон тооны жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдөн, бие биедээ наалдан томорч ирээдүйн гаригуудын эх үүсвэр тавигджээ. Уг мананцар эргэлтийнхээ хүчинд аажмаар хавтгайрч нягтран тойрог замд оржээ. Тэндээс төвөөс зах руугаа томорсон хэсгүүд бөөгнөрөн ялгарч удаан хугацааны дараа одоогийн гаригууд үүссэн байна. Эгэл хэсгүүдийн түлхэлцэл, бутралын үр дүнд хөдөлгөөний нөөц тойрог замын буюу тэнхлэгийн хөдөлгөөнд шилжиж гаригуудын дараалал, эргэлтийн чиглэлийг тодорхойлжээ. Ийнхүү үүссэн дэлхий цаашид хувьсан, бүрэлдүүлэгч бодисынх нь хүнд жинтэй нь төв рүүгээ бууж, газрын гадаргуу орчимд хөнгөн чулуулгууд бий болжээ. Энэ бүгдийг ГЕОСФЕР гэдэг. Судлаачид чулуулгийн насыг уран задралаар тогтоож үзээд хамгийн эртний чулуулаг Антарктид дахь Эндерби болон Верхояны нуруунд бий бөгөөд нас нь 4-4,2 тэрбум жил гэж тогтоосон байна.Дэлхийн чулуулгийн дараа агаар мандал буюу АТМОСФЕР бий болжээ. Агаар мандал нь дэлхийг янз бүрийн гадны бөмбөгдөлтөөс (солир, цацраг идэвхт туяа) хамгаалагч хуяг, дэлхийн цаг уурыг (халуун, хүйтэн, тунадас, салхи) зохицуулагч, геологийн үйл явцад (исэлдэл, өгөршил) нөлөөлөгч хүчин зүйл болж өгдөг. Агаар мандал нь таван бүрхэвчээс бүрддэг бөгөөд агаарын нягт дээшлэх тутам багасч, агаар мандлын нийт жингийн 3,4 хувь нь 10 км-ээс дооших, 90 хувь нь 15 км-ээс дооших, 99 хувь нь 30 км-ээс дооших, 99 хувь нь 50 км-ээс дооших зайд тус тус оногдоно.

Судлаачид дэлхийд 1,4610 триллион тонн буюу агаар мандлынхаас 275 дахин их, дэлхийн нийт жингийн 4000-ны нэг хувьтай тэнцэх хэмжээний ус, мөс агуулагддаг гэж тогтоосон байна. Энэ бүх усны нөөцийн 94 хувийг далай эзэлж байдаг байна. Усан мандал үүсснээр үлэмж хэмжээний эрчим хүч ялгаруулж, энэ нь газрын гадаргуугийн хэлбэр дүрсийг өөрчилж, эрдэс чулуулгийг уусгах, зөөх, тунгаах зэргээр геологийн үйл явцад идэвхтэйгээр биечлэн оролцож эхэлсэн ба одоо ч энэ үйл явц явагдаж байна. Үүний үр дүнд эх газар, тив, арлууд үүсчээ.

Image

Дараа нь дэлхийн өөр нэг мандал амьд бодисоос бүрэлдэх шим мандал (БИОСФЕР) үүссэн юм. Дэлхийд одоогоос 3,3 млрд. жилийн өмнө амьдралын анхны хэлбэр амьд организм бактери үүсч хөгжснийг судлаачид тогтоожээ. Амьдрал хэрхэн үүссэн тухай мөн л олон янзын таамаглал байдаг бөгөөд ихэнх судлаачид асар их халуун цөмийн урвалын үр дүнд дулаан ялгарч нэг эст амьд биет үүссэн гэж үздэг боловч тийм хүчтэй цөмийн урвалыг шинжлэх ухаан одоогоор гаргаж авч чадаагүй байна. Зарим судлаачид амьдрал өөр гаригаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үздэгбөгөөд 1998 оны зун АНУ-ын хиймэл дагуул Ангараг гаригаас чулуужсан бактери олсон нь дээрх таамаглалыг батлах талтай гэж дэлхий даяар том шуугиан дэгдээд байна. Нэг эст бичил биетүүд цаашлан хөгжсөөр одоогоос 200 сая жилийн өмнө анхны хөхтөн амьтан үүсчээ. Тэд анх усанд голлон амьдарч байсан бөгөөд 50 сая жилийн өмнөөс хуурай газар элбэгшжээ. Хүн хөхтөн амьтны аймагт багтах бөгөөд түүнийг орчин үеийн шинжлэх ухаанд загас, дельфин, үлэг гүрвэлээс, мөн мичнээс үүссэн гэх мэт таамаглалууд байдаг. Мөн хүн бол бурхан болон харь гаригийнхны бүтээл юм гэдэг таамаглалууд байдгийг ч үгүйсгэж болохгүй.

Эдгээр саналын аль нь ч өнөөдөр бүрэн нотлогдоогүй боловч хүн төрөлхтөн өөрсдийгөө нэлээд хөгжсөн үүлдрийн хүн дүрст мичнээс гаралтай гэдэг таамаглалыг шинжлэх ухааны үндэслэл илүүтэй, логик сэтгэлгээний хувьд зөрчилгүй гэж үздэг. Уг таамаглалыг бүр МЭӨ ҮII-II зууны үед Грек, Ромын философичид гаргасан бөгөөд үүнийг үргэлжлүүлэн Францын эрдэмтэн Ж. Ламарк (1744-1829) шинжлэх ухаанд онол болгон дэвшүүлсэн.Энэ онолын таамаглалыг цааш хөгжихөд нь Европын нийгэм-шинжлэх ухааны их хувьсгал нөлөө үзүүлж байсны дотроос Английн агуу их байгаль шинжээч Ч. Дарвин (1809-1882) хүнийг мичнээс үүссэнийг нотолсон судалгааг анх хийжээ. Тэрээр хүн бол амьд ертөнцийн хөгжлийн зүй тогтлоор ерөөс доод шатны амьтан мичнээс эволюци хөгжлийн явцад үүссэн гэсэн дүгнэлтээ 1871 онд хийжээ. Ч. Дарвины энэ онолыг нийгмийн салбарт Ф. Энгельс (1820-1895) гүнзгийрүүлэн судалж мич хүн болж хувирсан зүй тогтлыг “Хөдөлмөр бол хүн төрөлхтний нөхцөл мөн бөгөөд хөдөлмөр хүнийг өөрийг нь бий болгосон юм” гэжээ.Ямар ч шинжлэх ухаанд төгс онол гэж байдаггүй. Учир нь хүн объектыг өөрөө зохиодог бус бидний мэдлэг тэр объектод хөтлөгддөг. Иймээс дээрх 2 онолын дүгнэлт хэзээ нэг цагт бүрэн батлагдах, эсвэл оргүй үгүйсгэгдэж болно. Гэтэл хүн төрөлхтөн өөрсдийгөө харь гаригаас үүссэн бурхан бүтээсэн, загаснаас үүссэн гэх мэтээр оргүй зүйлд итгэсээр байвал бидэнд шинжлэх ухаан, танин мэдэхүйн аргууд хэрэггүй бизээ. Шинжлэх ухаан гэдэг бол асар их бартаа, нугачаатай, их эрсдэл хэлмэгдэлтэй хүнд хүчир “их зам” байдаг бөгөөд хүн төрөлхтөн энэ замаар шантралгүй явсаар өнөөгийн өндөрлөгт хүрснийг мартаж болохгүй. Жишээ нь, Хүний үүслийн онолын дүгнэлтийг нэг хүн нэг нартай өдөр гаргаж ирээд хүн төрөлхтөн түүнийг нь уухайлаад угтдаагүй, бүхий л үеийн Эрдэмтэн--Сүсэгтэн хоёрын тэмцэл, хүчирхийлэл харгислалын замыг туулжээ. Үүний үр дүнд 1996 оны зул сарын баяраар 143 дахь Ромын пап лам Ионн Павел II анх удаагаа эволюцийн онолыг хүлээн зөвшөөрсөн нь одоогоор шинжлэх ухааныг ялалтанд хүргээд байна. Яагаад гэвэл, магадгүй энэ онол хэзээ нэгэн цагт төөрөгдөлд орж хүн төрөлхтөн өөрсдийнхөө гарал үүслийг өөр өнцөгөөс харж, түүнийг судалж тайлбарлаад цоо шинэ онол гаргаж болох юм.

“Онолыг туйлын үнэн гэж бүү шүт. Аливаа зүйлд “үл итгэгч” байж үнэнийг цааш хөгжүүлэхэд өөрийгөө бэлтгэ! Энэ нь оюутан хүний гол баримтлах зарчим юм. Аливаад эргэлзэж байнга яагаад? Гэдэг асуулт тавьж хариулт авахаас гадна дэлгэрүүлж уншицгаа” гэж хичээнгүйлэн захъяа! Аливаа нэг зүйлийн эхлэл зөв тавигдсан бол тэр зүйл нь төгс хөгждөг. Иймд хүн төрөлхтний түүхийн эх нь хүний үүсэл гарал тул дээрх онолыг дэлгэрэнгүй тайлбарласугай.

ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН НЬ БУЮУ ЭВОЛЮЦИЙН ОНОЛ: Орчин үед хүний үүсэл гарлыг авч үзэхдээ амьд байгалийн урт удаан хөгжлийн явцад хөдөлмөрийн ачаар хүний хамгийн дээд үе болох хүн дүрст бичний өвөг хөгжмөл адгуусан амьтны төлөөлөгч болох нэгэн бүдүүлэг амьтнаас, сансар, гариг дэлхийн нөлөө, байгалийн шалгарал, биологийн эволюци хөгжлийн үр дүнд одоогоос 40 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Хүний үүсэл хөгжилд:

1. Орчлон, ертөнц, галактик, нар, сар зэрэг сансар огторгуйн үзүүлсэн нөлөө

2. Экологийн уул үүсэх явц ба газар хөдлөлт, дан атомын буюу ураны задрал болон цацраг идэвхт чанар, радиацын нөлөө зэрэг гариг, дэлхийн үзүүлсэн нөлөө

3. Гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр дотоод хүчин зүйлсүүд болох зан араншингийн зохицол, мутаци, эрлийзжилт, гени хромосомын өөрчлөлтүүд зэрэг хүний анатоми, морфологийн хүчин зүйлс зэрэг нөлөөлсөн гэж үзэж болно.Хүний гарал үүслийг тогтоох гэсэн эрдэмтэд хүнийг одоогийн хүн дүрст мичнээс нэлээд давуу хөгжилтэй, мичин маягийн амьтнаас салж хөгжсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүний өвөгтэй ойролцоо, түүний гадаад төрхийн шинжийг илэрхийлж чадах сармагчин төрөл, зүйлийг уйгагүй судалсны эцэст М.Ф. Неструх хүний өвөгтэй төстэй гэж байгаа сармагчны төрлийг 3 ангилжээ. Үүнд:

1. Заримдаг сармагчин долгопять, лемура, тупай. Эдгээр нь жижиг биетэй, мууртай төстэй.

2. Ердийн сармагчин-Гонктел, Павиан гэх мэт Ази, Африкийн сармагчингууд

3. Хүн дүрст сармагчингууд-Гиббон, Орангутан, Шимпанзе, Горилл.

Эдгээр нь одоо Зүүн Өмнөд Ази, Малайн арлуудаар амьдардаг, хүнтэй маш төстэй.Хүн ба хүн дүрст мичний өвөг, түүнээс хүн, хүн дүрст мич салбарласан нь: Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний удам, төрлийн чиглэл ийм байжээ. Үүнд: 14 сая жилийн өмнө хүн ба хүн дүрст бичний өвөг нэгдмэл нэг байв. 60 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгал хуурай уур амьсгалаар солигдоход дэлхий дээр мөн түүнд дасан зохицсон ургамал, амьтны аймаг бий болжээ. Ялангуяа ой, тайга, балар харанхуй ширэнгэний модонд дүүлэн асч явдаг, биеэрээ одоогийн суусар,хэрэм зэрэг амьтадтай төстэй амьтан сүрэг сүргээрээ явах нь элбэгшжээ. Тэд хөгжлийнхөө үе шатуудыг дамжсаар 40 сая жилийн өмнө мууртай төстэй амьтан болжээ. Тэр нь нүүрний галбир төрхөөрөө сармагчны төрхийг олж байсан тул судлаачид түүнийг ПАРАПИТЕК (сармагчинтай төстэй амьтан гэсэн утгатай грек үг) гэж нэрлэжээ. Эволюцийн хөдөлгөгч хүчний улмаас парапитек нь ПРОЛИОПИТЕК, ДРИОПИТЕК гэсэн 2 зүйл үүсгэсэн ба проплиопитек нь гиббон, орангутаны өвөг гэж олонх эрдэмтэд үздэг. Харин дриопитек нь дээр өгүүлсэн 14 сая жилийн тэртээгээс хөгжлийн 3 салаа шугамыг үүсгэж, 1 дэх нь одоогийн шимпанзе, гориллыг, 2 дахь нь сүүлд сөнөсөн ГИГАНТОПИК гэгчийг, харин 3 дахь нь РАМАПИТЕК-ийг үүсгэжээ.Рамапитек нь цаашдынхаа хөгжлийн явцад мөн л 3 салааг үүсгэсэн боловч эхний 2 зүйл ЭВСТАЛОПИТЕК нь бас л сөнөжээ. Учир нь шинэ зүйлүүд үүсэхэд Мутаци явагдаж мутант амьтад байгальд дасан зохицож чадахгүй явсаар сөнөдөг байжээ. Харин 3 дахь салаа нь эволюци хөгжлөөр хөгжсөөр одоогийн бидний өвөг болжээ. Хүний хөгжлийн үечлэлүүд: Хүний хөгжлийг шинжлэх ухааны хувьд олон янзын салбар, хүчин зүйлсийн үүднээс үечилдэг. Эдгээр үечлэлийн дотроос хамгийн оновчтой нь археологийн үечлэл юм. Энэ үечлэлээр хүний хөгжлийг доорх үеүдэд хуваана.

1. Балар эртний хүн буюу Homo habilis








2. Эртний хүн буюу Homoerectus

3. Орчин үеийн хүн буюу Homosapiens


Одоогоос 40-15 сая жилийн өмнө Гималайн уул үүсэх явц өрнөж, дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөхөд Төв азид амьдарч байсан хүний өвөг хуурай уур амьсгалд зохицож амьдрахад хэцүү болж, баруун, өмнө зүгүүд рүү нүүдэллэжээ. Ийнхүү нүүдэллэх явцдаа тэд газар орныхоо амьдралд дасан зохицож, төрлөө өөрчлөн шалгарч хөгжсөөр мичин хүний биеэс одоогийн хүнийх болтлоо хөгжжээ. Хүний өвөг Төв Азиас нүүснийг он цагийн хувьд эрдэмтэд харилцан адилгүй тогтоодог боловч дриопитекийн шатанд барагцаалбал 25 сая жилийн өмнө нүүсэн гэж ихэнх нь үздэг. Ийнхүү нүүдэллэх процесс 10 сая жилийн өмнөх үе хүртэл явагджээ. Харин үүнээс хойших нүүж амжаагүйнүүд нь уур амьсгалдаа дасан зохицох процесс явуулж, модон дээр биш, газарт амьдрах болсноор цаашдынх нь хөгжилд чухал нөлөө болсон байна.

Хүний өвгийн маш холын төрлийг үүсгэхэд хүргэсэн анхны алхам барагцаалбал 500 сая жилийн өмнө эхэлжээ. 1 миллиард гаруй жилийн өмнө анх амьд байгалийн бичил хэлбэр болох бактери үүссэнээс хойш уур амьсгал, газар дэлхий, гариг эрхсийн зэрэг нөлөөний улмаас эволюци хөгжлөөр зүйл үүсч, энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал, амьтны аймаг бий болж, энэ үеэс хойших тэр их урт удаан хугацааны турш хүний өвөг хөгжлийн олон шатыг дамжсаны эцсийн дээд хэлбэр нь хөхтөн амьтны хөгжлийн шат билээ. Хөхтөн амьтны анхны хэлбэр 200 сая жилийн өмнө үүсчээ. Ингээд дээр өгүүлснээр тэд 60 орчим сая жилийн өмнө хуурай газрын амьдралд зохицон, бүдүүлэг хэлбэрээсээ салж хөгжлийн шинэ шатанд оржээ.

Одоогоос 100-70 сая жилийн тэртээ муур, суусартай адил төстэй модонд амьдардаг тартус, тупай гэх мэт амьтад үүссэнийг археологийн олдворууд баталжээ. Мөн манай улсын говийн 40 сая жилийн тэртээд холбогдох хурдсаас 1931 онд эдэнтэй төстэй амьтны тал гавлын яс олсон байна. Эдгээр амьтдыг жижиг биетэй, 4 мөчит, урт сүүлтэй амьтад буюу заримдаг бичийн өвөг гэж үздэг. Энэ өвгүүд нь хүний өвөгтэй ямар нэг байдлаар холбоотой гэж зарим хүмүүс үздэг боловч чухам юугаар холбоотойг тогтоогоогүй байна. Миний бодлоор, энэ таамаглал нэлээд үндэслэлтэй байх. Учир нь хүний өвөг парапитектэй эдгээр нь морфологи төдийгүй амьдрах нөхцөл байдал (модонд дүүлж амьдардаг, ургамлын үр, жимс иддэг), тэрчлэн амьдарч байсан нутаг дэвсгэр нь нэг байсан байна.1870 онд Италийн Флоренцоос холгүй орших уурхайгаас мичирхүү амьтны яс олж, түүнийг ОРЕОНПИТЕК гэжээ. Ореонпитек, дриопитек, рамапитекийг гуравдагч галавын хүн гэдэг.Дөрөвдөгч галавын хүн: 1924 онд Африкийн антропологич Раймонд Дарт Кимберли хотын ойролцоо Арслангийн хэвтэр гэдэг газраас нэгэн мичин төрхт амьтны гавлын яс олжээ. Тэгээд үүнийгээ Африкийн мич буюу АВСТРАЛОПИТЕК гэжээ. Энэ нь биеийн хөгжлийн хувьд мич, хүн хоёрын хоёулангийнх нь шинжүүдээс агуулсан байв. Тухайлбал дух нь мичирхүү, өргөн атлаа шүд нь хүнийхтэй адил. Энэ нь 20-25 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд биеийн жин 20-50 кг, өндөр нь 121-150 см байжээ.Мөн Танзани улсаас алдарт Олдувайн хавцлаас гэр бүл антропологич Люси Лики, Мэри Лики нар нэгэн үлдэц яс олсныг ЗИНЖАНТРОП гэдэг. Энэ хүн нь 2 сая жилийн өмнөөс модон дээр амьдарч байсан бөгөөд газар дээрх амьдралд бүрэн шилжээгүй байхдаа 2 хөл дээрээ явж сурчээ. Ийнхүү 1,75-0,8 сая жилийн өмнөөс газар дээр биеэ даан амьдрах болжээ.

Гуравдагч галавын хүмүүс болон дөрөвдөгч галавын дээрх 2 хүнийг хүний хөгжлийн анхдагч тэргүүн төрлүүд гэх ба эдгээрээс хойших, өөрөөр хэлбэл дөрөвдөгч галавын үслэг өвгөөс одоогийн оюун ухаант хүн хүртэлх хүний өвгийн үеүдийг дэд төрөл гэнэ. Дээр дурдсан археологийн үечлэлээр энэ дэд төрөлд багтах өвгүүдийг үечилнэ. Үүнд:

1. 1891 онд Голландын цэргийн эмч Эжен Дюбуа Ява арлаас хүн ба хүн дүрст мич хоёрын завсрын хэлбэрийн шинж бүхий ПИТЕКАНТРОП буюу босоо мичин хүний яс олжээ. Энэ нь 600-700 мянган жилийн өмнө амьдарч байсан гэх боловч батлагдаагүй. Түүний биеийн өндөр 160-170 см, ууран тархины багтаамж нь 900-1100 см,куб юм. Гэтэл хүн дүрст мичнийх 600-650 см.куб, хүнийх 1400-1600 см.куб байдаг. Үүнээс үзвэл питенкантропын уураг тархины багтаамж нь хүн ба хүн дүрст мичний уураг тархины багтаамжийн завсрын байрыг эзэлж буй нь харагдаж байна.

2. 1927 онд Бээжин хотын нэгэн агуйгаас мичин шинжээсээ бүрэн салж чадаагүй хүний шинж төрхийг хадгалсан баримтыг олжээ. 1927-1937 он хүртэл малтаж 20 шахам ийм баримт олсон бөгөөд тэдгээрийг СИНАНТРОП буюу хятадын хүн гэж нэрлэжээ. Синантроп ерөнхий байдлаараа питекантроптой төстэй боловч уураг тархины багтаамж нь 1050-1200 см,куб болж, биеийн ерөнхий хөгжил нь нэлээд дээшилжээ. Синантропын оршиж байсан агуйгаас маш их үнс, ясны үлдэгдэл олдсоноос гадна чулуун зэвсэг ч гарчээ. Тэрээр одоогийн хүнээс онц ялгаатай боловч хүний зэрэгт хүрч, гал гарган, ан агнадаг байсан нь тодорхой.

3. 1907 онд Германы Гейделбергийн Мауэрийн элснээс синантроптой нэг үед амьдарч байсан гэгддэг ГЕЙДЕЛБЕРГИЙН буюу Мауэрийн хүний эрүүний яс олджээ. Түүний шүд нь одоогийн хүний шүдтэй адил байжээ. Эрдэмтэд түүнийг Азиас нүүн очсон мичин хүн гэж үздэг. Энэ хүн нь хөгжлийнхөө хувьд синантроптой тун төстэй юм байна.Эдгээр нь археологийн үечлэлийн балар эртний хүнд харъяалагдах бөгөөд питенкантроп, синантроп хоёрыг мичин хүний анхны дэд төрлийн 2 зүйл гэдэг. Балар эртний хүмүүст Каннибализм буюу бие биеэ идэх үзэгдэл байсан ба галыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон нь нэгэн том ололт байжээ. Энэ үеэс хүний өвөг байгалийн эрхшээлээс аажимдаа гарч хөдөлмөр хийснээр ухамсрын анхны хэлбэрүүд буй болжээ.

4. 1856 онд Германы Дюссельдроф хотын орчим Неандрийн хөндийгөөс 150-100 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын яс болон бусад хэд хэдэн ясыг олсон ба тэр газрын нэрээр түүнийг НЕАНДАРТАЛЬ хүн гэжээ. Түүний ясны үлдэгдэл Франц, Өмнөд Африк, ТТУХНО-уудаас (хуучин ЗХУ) гэх мэт 30 шахам газраас олдсон бөгөөд тэд ясан ба чулуун зэвсэгтэй байв. Неандарталийн хүн бол одоогийн хүн ойртож ирсэн боловч өөрийн өвөг мичний олон тооны шинжүүдийг хадгалсаар байжээ. Тэр жижгэвтэр биетэй, чадалтай, тархины багтаамж 1400 см.куб орчим байлаа. Агуй, гол мөрний хөндийд сүргээрээ нутаглан /50-100-гаараа/, жижиг ан амьтан агнах, үр жимс, өндөр түүж идэх зэргээр амьдарна. Энэ хүмүүс нь хүний төрлийн эртний хүмүүс гэдэг дэд төрөлд багтах зүйл юм. Тэд хоорондоо анхны бүдүүлэг хэллэг-авиа дуу дохиогоор харьцдаг байжээ. Неандартальчуудын амьдралд нийгмийн хүчин /хөдөлмөрлөх, хамтарч анх хийх гэх мэт/ чухал нөлөө үзүүлжээ.

5. Неандарталь хүний хөгжил цаг уурын хатуу ширүүн нөхцөл-мөстлийн үед амьдрал нь шинэ ахуй нөхцөлд зохицон хувирсаар гал ашиглан, ангийн арьс үсээр хувцас хийн, яс, мод, чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэх зэргээр хамтран амьдарч хөдөлмөрлөн, байгалийн эрхшээлээс улам бүр салсаар байва. Ийнхүү их мөстлийн 2-р хагас ба одоогоос 40 орчим мянган жилийн тэртээ уураг тархины ажиллагаа сайн хөгжсөн анхны хүн үүсчээ гэж үздэг. Энэ хүний үлдэгдлийг 1864 онд Францын Кроманион гэдэг суурингийн хавиас олсон учир КРОМАНИОН хүн гэжээ. Ийм хүний үлдэгдэл Ази, Африк, Австралиас ч олдсон байна. Их мөстөлтийн сүүлээр хүн өөрийн хөгжлийн шинэ шатанд хүрч, хөдөлмөрийн багажийн төрөл олширч, чанар нь дээшилжээ. Чулуу, модоор зэвсэг хийн, ясаар зүү хийж, хувцас оёж, мөн эврээр зэв хийдэг боллоо. Сүргээрээ явж, том араатан амьтдыг агнадаг болсон нь тэдний амьдралын байдлыг сайжруулжээ. Энэ үеэс эхлэн хүмүүсийн дунд урлаг, шүтлэг үүсч, өөр хоорондоо олсон зүйлээ сольж, арилжих явдал бий болсон гэдгийг шинжлэх ухаанд олдсон материалууд нотолж байна. Кроманион хүн өөрийн барьсан сууцанд амьдран хана, туургаар нь ан амьтан урлаг шүтээнээ сийлж хийсэн нь орчин үед олонтоо олддог. Энэ хүмүүсээс өмнөх хүмүүс биологийн эволюцаар хөгжиж ирсэн бол харин энэ хүмүүс нийгмийн эволюцид шилжсэн юм. Энэ хүмүүс хүний төрөл орчин үеийн анхны хүмүүс буюу ухаант хүн гэдэг зүйл юм.

Ийнхүү орчин үеийн хүмүүс үүссэн ба тэд амьтдыг гэршүүлж, тэжээвэр болгон, газар тариалан эрхэлж эхэлсэн бөгөөд өөр хоорондоо харьцах хэл яриатай болж, удам угсаагаа сурган хүмүүжүүлж, амьдралын туршлагаа өвлөн үлдээх зэрэг нийгмийн амьдралын хүчин зүйл байгалийн шалгарлаас давамгайлан, хөгжлийг хөдөлгөгч хүч болж эхэллээ. Хүн ийнхүү хөгжихдөө “Хүний оюун ухааны одоогийн байгаа цар хүрээ буюу НООСФЕР”-ийг бий болгожээ. Ноосфер нь хүний оюун ухааны хөгжлийн шат тутамд цар хүрээгээ тэлсээр байна.

Хүн хаана үүсэв? Энэ асуудлаар судлаачид янз бүрийн онолын таамаглал дэвшүүлдэгийг ерөнхийд нь хоёр хуваадаг. 1. Моноцентризм буюу нэгэн газар үүсээд, өсөж үржин байгалийн шалгарлыг даван туулж бусад газруудад тархсан гэдэг үзэл. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэдэг олон төвт үзэл. Эдгээр үзлээс нэг дэх нь шинжлэх ухааны үнэнд илүү ойрхон учир ихэнх судлаачид баримталдаг. Хүн хаана үүссэн тухай 3 янзын онол байдаг.

1. Ази тивийн төв хэсэг буюу Ордосын өндөрлөгт.

2. Ази тивийн өмнөд хэсэг буюу Энэтхэг, Хятадын нутагт.

3. Африк тивд (Төв африк- Кени, Танзанид).Эдгээрээс Африкаас гаралтай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ нутгаас хүний эртний мичин өвөг болох Австролопитек, түүнээс хойших бараг бүх үеийн өвгүүдийн ясны үлдэгдэл ихээр олддогтой холбоотой. Нэг дэх онолын хувьд ч мөн ялгаагүй олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нутгаас эртний өвгүүдийн үлдэц яс олддоггүй мөртлөө тэдний хэрэглэж байсан багаж зэвсэг нь ихээр олддог. Энэ онолыг дэмжигчид үүнийг Гималайн уул үүсэх процесстой холбон тайлбарладаг. Одоогоос 60 орчим сая жилийн өмнө Төв азийн нутаг чийглэг дулаан амьд байгальд маш тохиромжтой уур амьсгалтай байсан боловч 40 сая жилийн өмнөөс Гималайн нуруу үүсэх процесс явагдаж, энэ үеэс Саванны чийглэг дулаан орны олон төрөл зүйл амьтадын аймаг 10-аад сая жилийн өмнөх үеийг хүртэл их нүүдэл хийжээ. Ийнхүү нүүх явцдаа хүний дээд өвөг өөрийнх нь өвөг болох мичин төрлөөс үүсчээ. Хэдийгээр Африк тивээс археологийн их дурсгал олддог боловч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, баталгаа болсон багаж зэвсэг, бууц суурин зэрэг эд өлгийн зүйлс ховор олддог бөгөөд шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлахад хүрэлцээ тун бага тул Азийн төв хэсгээс үүсэлтэй гэдэг нь зөв байж болох юм. Энэ онолыг 1900 онд Г.Ф.Осборн, В.Д. Мэтью нар анх дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ батлах зорилгоор Эндрюсийн хамт 1924-1928 онд Монголын их говьд хоёр ч том судалгааны экспедицитэй ирж, үүнийхээ үр дүнд нэлээд малтлага хийж, чамгүй материал хуримтлуулжээ.

Мөн Монголын говь дахь Цэрдийн дээд үед холбогдох хурдаснаас олдсон гавлын тал ясыг баримталж тогтоосон суусартай адил амьтныг эрдэмтэн Б.К. Грегорий маш балар цагт шавьжаар хооллон амьдарч байсан тупай гэж үзжээ. Мөн түүнтэй төстэй амьтны ясыг олигоцен (40 сая жилийн өмнө)-ий үеийн говийн хурдаснаас олж авсныг эрдэмтэн Г.Ж. Симпсон судлаад 1931 онд говийн анагель гэжээ. Гэтэл тупай гэдэг нь Неструхын ангилснаар заримдаг сармагчин бөгөөд хүн, мич 2 нэг өвөгтэй гэдэг билээ. Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон талаараа хүний өвөг байж болох талтай.

Хүнд зөвхөн биологийн өөрчлөлт гараагүй. Хүнийг ийнхүү төгс төгөлдөр хөгжихөд Хөдөлмөр хамгийн их нөлөө үзүүлсэн. Хөдөлмөр гэж юуг хэлэх вэ? Хүмүүс өөрсдийн зорилго бүхий үйл ажиллагаараа байгалийн бэлэн зүйлсийг өөрчилж үр дүнгээр нь бүхэл Нийгмийн ертөнц, Хүний соёлын ертөнцийг бүтээж байдаг хүн төрөлхтний бодит үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай энэ тодорхойлолт бүрэн утгаараа хэзээ үүсснийг тогтоох боломжгүй. Хөдөлмөрийн үйл явцад гурван зүйл ордог:

1. Хүний зорилго бүхий үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл Хөдөлмөр өөрөө юм.

2. Хөдөлмөрийн зүйлсүүд,

3. Хүн хөдөлмөрийн зүйлсийг боловсруулахад хэрэглэх хөдөлмөрийн багаж зэвсэг. Хөдөлмөрийн хүчээр хүн орчинтойгоо зөвхөн харилцан үйлчилж зохицож байдаг байгалийн жирийн эд хэсэг төдий биш, харин байгалийг эзэмшин ашиглаж, түүнээс өөрийнхөө бодит ертөнцийг (Нийгэм, Соёл иргэншил) бий болгож, тэгснээрээ өөрийгөө цаг ямагт өөрчилж байдаг субъект болжээ. Харин энэ их удаан үргэлжилсэн түүхэн өөрчлөлтийн үед хүн “байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан эзэмшинэ” гэсэн уриан дор байгальтай харьцаж байснаас бид өөрсдөө байгалиас хэт тасарч хиймэл зохиомол орчинг бүтээснээр сөрөг үр дагавар гарч “Хүн, Байгаль хоёр хүйн холбоотой” гэдгийг ухаарах болсныг бид хожим ярилцах болно. Хүн төрөлхтөн хөдөлмөрийнхөө үйл ажиллагаар амьжиргаагаа хангаад зогсохгүй хөгжил дэвшлийг хийн өөр хоорондоо Нийгмийн тодорхой харилцаанууд болох Үйлдвэрлэлийн, Өмчийн, Улс төрийн, Соёлын г.м. харилцаануудыг бий болгожээ. Үүний дараа Нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гарч хувийн өмч, нийгмийн ялгарал, Нийгмийн гишүүдийн бүлэгүүд, тэдний зөрчилдөөнүүд бий болсны үндсэн дээр Оюуны болон Биеийн хөдөлмөрийн ялгарал гарсан боловч “Хүний эрхтний үргэлжлэл болсон Техник” хөгжиж түүнд дэвшил хувьсал гарах тусам дээрх ялгарал арилж байна. Хөдөлмөр хэзээ үүснийг гэрчлэх ганц зүйл бол маш гайхамшигтай байгалийн бүтээгдхүүн чулуу юм. Хүн чулууны гайхамшгийг өөрийн оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө нээсэн, одоо ч нээсээр байна. Энгийн, болхи хийцтэй чулуун зэвсгээс авхуулаад маш нарийн, уран гоё хийцтэй неолит, аврага том Пирамид, Сфинкс, Цагаан хэрэм, Гуа сайхны бэлэгдэл болсоор байгаа Афродита, Аполлон, үнэт алмас эрдэнийн гоёл бүгд чулууны гайхамшгийг нээсэн хүний оюун ухааны бүтээлүүд. ХНБ-ын хүмүүс байгаль, цаг уурын тааламжтай нөхцлийг эрэн хайж нүүдэллэн амьдарч байхдаа хөдөлмөр нь түүхийн маш урт удаан цаг хугацаанд бага багаар боловсронгуй болсоор түүнд хэрэглэгддэг багаж зэвсэг нь хэлбэр хийц, нэр төрлөөрөө тогтворжиж чулуун зэвсгийн тодорхой үеүдийг гаргасан байна.

Үүнд: До шель (2,5 сая жил), Палеолит (Монголынхоор)-Ашель (750000-100000 жил), Мустье (100000-40000 жил), Дээд үе(40000-20000 жил). Мезолит (12 жил үргэлжилсэн), Неолит (8000-3000 жил). Энеолитийн үе (Зэс, Хүрэл, Төмрийн түрүү үе) МЭӨ YII зуун хүртэл үргэлжмлсэн байна.

Бидний өвөг дээдэс төмрийг хөдөлмөрийн багаж зэвсгээ болгоод дөнгөж 2000 жил болсонч соёл иргэншлийн нилээд өндөрлөгт хүрчээ. Хэрэв төмрөөс бүтсэн бүхнийг алга болговол Цагаан хэрэм, Пирамидаас өөр юу ч энэ дэлхийд үлдэхгүй байхаа.

Биологи, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилтэй хэл яриа хамт хөгжив. Сэтгэхүй-Хэл хоёр хоорондоо нягт холбоотой боловч нэг ижилхэн сэтгэхүйн түвшинд хөгжиж байсан хүн төрөлхтөн хэл яриагаар олон жижиг хэсэг болон салж өөр өөр түвшинд хөгжих болжээ. Үүнийг Библи, Коран, Авеста г.м. шашны судруудад өөр өөр маягаар сонирхолтойгоор тайлбарладаг. Шинжлэх ухааны тайлбарт: Хөдөлмөрийн процесоос хүн ухамсартай болох явцад нийгмийн харилцааны чухал хэрэглэгдхүүн болох ХЭЛ-ийг хамтад нь бий болгожээ. Хүний сэтгэхүй хэлээр дамжин гарах процесс 20-30 мянган жил үргэлжилж өрх гэр, овгийн хэл, аймгийн хэл, угсаатны хэл гэсэн үе шатуудыг дамжин хөгжсөн гэж үздэг. Овгийн хэл нь тун ядуу үгсийн сантай, бүдүүлэг хэл зүйн бүтэцтэй тус тусдаа хэрэглэгдсэн олон хэл аялгуутай байснаа аймгуудын, нутгийн аялгуу гэж хөгжсөөр нийгмийн ялгарлын явцад угсаатны хэл болж хөгжив. Одоо хүн төрөлхтөн 3000 орчим хэл, аялгуугаар ярьдаг бөгөөд тэдгээрийг хэлний зүй, үгсийн сан, утга зүй, үгийн гарал хувьслаар нь Индо-европ (Европ, Иран хэл), Семит-Хамит (Умард Африк, Египет, Меспотами, Еврей, Араб), Алтай (Түрэг, Монгол, Манж-Тунгус, Солонгос, Япон), Хятад-Төвд-Бирм, Дравид-Кхмер (Энэтхэг-Хятадын хойг, Энэтхэг), Малай-Полинейз (Зүүн өмнөд ази, далайн орнууд), Андман, Урал-Фин, Угро (Урал-Ненц, Скандинав) гэсэн 10 төрөл хэл болгодог. Энэ 10 төрөл хэлний уг үндэс нь өвөг хэлнүүд байсан бөгөөд өвөг хэлнүүд нь МЭӨ ҮII мянганд “Нострат хэл” буюу хөгжөөгүй дуу авианаас үүссэн гэж таамаглаж байна. Үүнийг батлах зорилгоор дэлхийн зарим хэл шинжээчид олон хэлний үндэс болдог язгуур үг, дуудлагуудыг идэвхтэй судалсаар байна.

Ийнхүү хэлний ялгарал гарч байх үед МЭӨ 40 мянган жилийн өмнөөс эхэлсэн Мөстлөгө шувтарч тэр үеэс нүүдэллэн Америк, Австрали, Далайн орнуудад нутаглаж эхэлсэн хүмүүст Монголжуу, Европжуу, Негржүү гэсэн РАСЬ буюу арьс өнгөний ялгаа гарсан. Одоо дэлхийн хүн амыг 3 үндсэн рась, 2 салбар расьд хувааж, дээр нь хэд хэдэн бүс нутгийн расиудад хуваадаг. Эдгээр расиуд Марфологи буюу хүний биеийн бүтэц, Үсний өнгө, Хамар, Нүд, Хөмсөгний ухархаа, Гавал гэх мэт антропологийн хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухааны эрдэмтэд Расьд цусны бүлэг, түүний ялгарал маш чухал үүрэгтэй гэж үзэн түүнийг судлаж эхлээд байна. Энэ судалгаа хүний үүслийн нууцыг улам гүнзгий танин мэдэх нэг хэрэгсэл болох нь дамжиггүй бизээ. МЭӨ III мянганд Төв азийн нүүдэлчдийн Өвөг алтайн хэл задарч Түрэг-Монгол-Манж, тунгус гэсэн 3 бүлэг хэл болж цаашаа 40 гаруй аялгуу болж хөгжсөн байна. Ийнхүү хэлний ялгааны хамт Рась, эрхлэх аж ахуй, нутаглах газар ус, оюуны соёлын ялгаанууд дараа дараалан гарч хүмүүсийн нийтлэг овогоос аймаг-фратри-аймгийн холбоо хэмээн хөгжиж угсаатан үүсчээ.


Дэлгэрэнгүй...

2008/09/10

Блог төрлөө

Олон блог уншиж явлаа, өөрөө нэгийг нээх цаг болсон бололтой. Гадаадын хаягууд дээр блог нээснээс монголын сайт дээр нээе гэж бодлоо. Gogo.mn Banjig.net-д нээж үзлээ шал түүхийгээрээ байна. Элдэв янзын боломж багатай юм. Gogo.mn дээр нээлээ ядаж л зураг оруулахын тулд html-ийн мэдлэг хэрэгтэй юм байна. Дараа нь banjig дээр нээлээ. Альфа буюу туршилтын хувилбартаа явж байгаа юм байна. Гадаадын хаяг дээр л нээхээс өөр аргагүй болов. Дараа banjig сайжирвал шилжүүлнээ тэгэж байгаад. За тэр яахав тухайн үед нь болно биз. Энэ блогтоо голцуу мэдээллийн чанартай зүйлс бичнэ гэж бодож байна. Цаг хугацаа бүгдийг харуулна. Урагшаа!!!

Дэлгэрэнгүй...