2008/10/13

Модун Шанью ба Зараа

Хүннүгийн Модун Шаньюг мэдэхгүй хүн цөөхөн биз. Модун Шанью их өвөрмөц түүхтэй. Түүний тухай "Дуут сум" хэмээх домог хүртэл байдаг. Энэ түүхийг эхэлж уншаад төгсөлд нь яагаад энэ гарчгийг өгсөн тухай ойлгоорой.

Дуут сум

Түмэн Шанью хоёр эхнэрээс хоёр хүүхэдтэй байжээ. Хайртай бага хүүдээ эзэн ширээ өгөхийн тулд тэрээр том хүү Модуныг золигт гаргахаар шийдэж, түүнийг юэчүүдэд барьцаанд өгчээ. Тэгээд юэчүүд рүү довтлох юм бол тэд хүүгий нь ална гэж Түмэн боджээ. Гэтэл Модун эрс шийдэмгий хүн байв. Тэрээр юэчүүдээс морь хулгайлан, өөртөө тун хуншгүй хандсан эцэг рүүгээ эргэж иржээ.

Түмэн Шанью Модуны аз овд үнэн сэтгэлээсээ баярлаж, түүнийг алаагүйгээр барахгүй түмтийг, өөрөөр хэлбэл 10000 гэр бүлийг удирдлагад нь өгчээ. Модун морин цэргээ цэргийн хэрэгт нэн даруй сургаж эхэлсэн бөгөөд нисэлтийнхээ үед исгэрдэг (дуу гаргадаг) сум ашиглах дадал олгов. Түүнийг дуут сум тавингуут л даган харваж байхыг тэрээр бүх цэрэгтээ даалгажээ. Энэ тушаалыг биелүүлэхгүй бол цаазалж байв.

Цэргийнхээ сахилгыг шалгахын тулд тэрээр унадаг аргамаг хүлэг рүүгээ дуут сум тавив, түүнийг дагаж харваагүй бүхний толгойг авахыг тушаав. Нэлээд хугацааны дараа Модун зүс гоо эхнэр рүүгээ харвав. Түүний ойр дотныхны зарим нэг нь өрөвдөлтэй залуу эмэгтэй рүү сум тавих хүч хүрэхгүй аюун сандарч сумаа буцаажээ. Нэн даруй тэдний толгойг авсан ажгуу.

Үүний дараа Модун анд явж байхдаа эцгийнхээ морь руу дуут сум тавив, түүнийг дагахаас зайлсхийх нэг ч хүн гарсангүй. Цэргүүд нь хангалттай бэлэн болжээ гэдгийг мэдсэн Модун ангийн үед эцгийнхээ араас дагаж явахдаа түүн рүү дуут сумаа тавив. Тэрхэн мөчид Түмэн Шаньюг сум зарааны өргөс мэтээр бүрхэн нэвчжээ. Сандраан үймээн болж байх хооронд Модун эцгийгээ алж, эрхийг булааж авахад нь саад болж байсан хойт эх, зонхилогчид болон дүүгээ дуусгаж орхив. Тэгээд өөрийгөө Шанью хэмээн зарлажээ. (НТӨ 209 он)

Эх сурвалж: Л.Н.Гумилев (2000). Хүн гүрэн. Орч, Б.Даш-Ёндон. УБ: Интерпресс

Намайг арван жилийн дунд сургуульд байхад энэ түүхийг түүхийн хичээлээр анх сонсож билээ. Манай ангид зараа хочтой хүүхэд байв. Хааяа зурам ч гэж дууддаг байлаа. Угийн шооч нэг хүүхэд модун шанью зурам харвасан чинь зараа болжээ гэж хэлэхэд элгээ хөштөл инээж билээ...

Дэлгэрэнгүй...

2008/10/03

Түрэг улсын тухай

Түрэгийн түрүү ба хожуу үеийн улс

Монгол нутагт жужаны дараа бусад нүүдэлчин аймгуудын дундаас түрэг угсааны аймаг товойн гарч ирэв. Түрэгийн түрүү үеийн хаант улс, Түрэгийн хожуу үеийн хаант улс МЭ 552-745 он хүртэл монгол нутагт оршин тогтнож байв.

Түрэг угсааны улсыг байгуулахад Дулга овгийн зонхилогч Буман ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр ойрх Тэлээ аймгийг өөрийн харьяанд нэгтгэж, жужаны харьяанаас гарахын тулд тэмцэж байжээ. Тэрээр Тобагийн баруун Вэй улсад элч зарж ургийн холбоо тогтоох гэж ихээхэн бэлэг хүргэсэн нь гадаад байдлаа бэхжүүлж хүчирхэг түшүгтэй болох арга хэмжээ байжээ.



Бумангийн санаа нь баруун Вэй улсын жужаныг дотор талаас нь бутаргах бодлоготой нийцсэн учир Бумантай холбоо тогтоон гүнжээ бэр болгон 551 онд ар халхад ирүүлжээ. Буман бүх байдлаа бэхжүүлсэний үндсэн дээрээс МЭ 552 онд "төмөрчдын их бослогыг" хииж жужаны үндсэн хүчийг бут цохижээ.

Буман жужаны захиргаанд байсан овог аймгуудыг өөртөө нэгтгэн түрэгийн(түрүү үеийн) хаант улсыг үндэслэн байгуулж, өмнөх жужаны захирагчийн цолыг авч биеэ эл (их хаан) өргөмжилжээ.

Тус улсын нутаг дэвсгэр Бумангаас хойш Кигинь хааны үед Солонгосоос Хар тэнгис, элсэн цөлөөс Байгаль нуур хүртэл хүрч байжээ. Түрэгийн түрүү үеийн хаант улс нь МЭ 630 онд Тан улсын эрхшээлд орж доройтжээ.

МЭ VI зууны 80-аад оны үеэс түрэгүүд Тан улсын эсрэг тэмцэж, уг тэмцлыг Түрэгийн язгууртаны нэг Кутулуг, түүний зөвлөх сайд Тоньюкук нар толгойлсон байна. Тан улсын захиргаа түрэгүүдийн бослогыг дарах гэж мянга мянган шилдэг цэргээ явуулж байсан байсан боловч төдий л амжилт ололгүй харинч босогчидод бут цохигджээ. Кутудуг бослогыг ийнхүү амжилттай удирдаж 50 шахам жил Тан улсын эрхшээлд байсан Түрэг улсыг сэргээсэн байна.

Тусгаар тогтнолоо сэргээн авсан түрэгүүд МЭ VII зууны 90-ээд оны орчим Орхон голын хөвөөнд хуралдаж Култугугийг Түрэг улсын хаанд өргөмжлөн, Эльтерес "улсыг хураагч" цол нэмэн өгч Түрэг улсыг сэргээн тунхаглажээ. Түрэгийн түүхэнд Можо, Могилян нар асар их үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр хаадууд улс орноо шинэчлэн засаг захиргааны систэм, цэрэг армиа улам боловсронгуй болгожээ.

Гэвч Түрэг улс удаан насалж чадсангүй. МЭ 745 онд уйгарын босогчидод цохигдож, түрэгүүд төв азид ноёлох сууриа тэдэнд алджээ.

Түрэг улсын газрын зураг (VI-VII зуун)


Дэлгэрэнгүй...